Monday, February 13, 2012

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг

Харааж нулимж байвч тэнгэр шиг бай

Хамгийн сайн хүмүүс гэж

Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан

Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг


Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов

Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай


Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна

Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март


Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч

Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай

Яаруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч

Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай


Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай

Олон түмэн нүүрээ бууруулсанч тэнгэр шиг бай

Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй

...

Очирбатын Дашбалбар




No comments:

Post a Comment